Байдаг бол галдаа шатаад алга болчихдог юм байгаа биз дээ. Тэгээд ч түлээ нүүрст өгдөг тэр их мөнгөөрөө хоол унд, та нарт дэвтэр үзгийг чинь авч өгөх нь дээр юм байгаа биз дээ. Гомбо ийнхүү хүүхдүүдээ хэд хэдэн удаа тас загнасны дараа хүүхдүүд нь энэ талаар ам ангайсангүй.Нэг талаас аавынх нь зөв юм шиг бодогджээ.Гэтэл энэ айлын бурхан үнэхээр гомджээ.Энэ гомдлоо илэрхийлж, хэд хэдэн удаа догшин загнасан байна.
Гал дээр хоолтой буцалж байсан ширмэн тогоо нь салют буудаж байгаа юм шиг дээш хөөрөв.Үүнийг Гомбо шатааж буй хог дотор тэсрэх бодистой хог байж дээ гэж хүүхдүүддээ мэдэмхийрэн тайлбарлав.Ер нь хийн гаазтай юм зуух, пийшиндээ хийж шатаагаад тэсэрч дэлбэрсэн явдал цөөнгүй байдаг.Тэр өдөр шатаж байсан хог дотор ийм бодистой хог огт байгаагүй бөгөөд энэ нь галын бурханы эхний анхааруулга байсныг мухар сүсэггүй Гомбо гуай ойлгосонгүй. Сарын дараа мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан Гомбо өөрөө гэнэт ажилгүй болов.Галын бурхан нь даргад нь нөлөөлжээ. -Дарга аа, та яагаад намайг ажлаас халж байгаа юм.
Би ажил дээр архи уудаггүй, ажил тасалдаггүй, байгууллагаас зохиож байгаа бүх ажилд идэвхтэй оролцож ирсэн.Эхнэр маань хөдөө өвчтэй эхийгээ асарч байгааг та сайн мэдэж байгаа.Би ажилгүй болчихвол гурван хүүхдийнхээ хамт яаж амьдрах билээ. -Харин тийм ээ.Уг нь би таныг ажлаас халмааргүй л байна.Даанч эхнэрийн нэг ахыг таны оронд авахыг эхнэр хатуу тушаагаад байна (Галын бурхан даргынх нь эхнэрт хүртэл нөлөөлжээ) Таниас болж би ямар эхнэртэйгээ муудалцаад байлтай биш гэж түс тас хэлснээр Гомбо ажилгүй болов оо, хөөрхий.
Удалгүй гомдсон галын бурхан гурван хүүхдийг нь хорлож эхлэв.Уг нь эдний хүүхдүүд хөдөөний төлөв томоотой, хичээл сурлагадаа ч сайн.Гэтэл хэдэн сарын дараа хүүхдүүдийн сурлага эрс муудаж, энэ тухай багш нар нь Гомбын чихнээс байнга хонх уях болж, хүүхдүүд нь тэр хавийн үл бүтэх охид, хөвгүүдтэй нийлж, шөнө орой болтол тэнэнэ.Энэ хооронд Гомбо ажил олж хийх гэж олон байгууллагын хаалгыг татаад хад мөргөж байлаа.
Галын бурхан нь ингэж шийтгээд байгааг мань эр огт ойлгосонгүй.Ийм хүн чинь хүйтэнд даарахгүйн тулд өнөөх хогийг ёстой шуудай шуудайгаар нь авчран зуухандаа шатааж, галын бурханаа улам хилэгнүүлж байлаа.Эхнэр нь хөдөөнөөс явуулсан жаахан мах, гурил тэдний амийг зогоож байв.Бүх юм нь бүтэхгүй уруудсанд сэтгэл гутарсан Гомбо тэр хавийнхаа архичидтай нийлэн ногоорох болов. Гомбыг гэртэйгээ шатаж үхдэг өдөр гурван хүүхэд нь ямар азаар байгаагүй юм.Галын бурхан нь тэднийг өршөөжээ.Тэр өдөр хүүхдүүд нь хотын төвд байдаг ээжийнхээ төрсөн эгчийнд очиж ус цасанд орох, тэндээ хонохоор явжээ.