Том хотын их дэлгүүр балт зөгийн үүр шиг дүнгэнэж , олон давхарын нь өргөн шатаар шаагин зөрөх хүмүүсийн их цуваа үдийн саалийн дараа хонь хурга нийлж байгаа юм шиг олон янзын авиа анир холилдон, өвөрмөц нэгэн зүйл дэлгүүрийн аялгуунд шингэнэ.
Би андынхаа насны ойд өгөх бэлэг авахаар их дэлгүүрийн олон тасгуудаар тэнэж, үүнийг шилж, түүнийг сонжих нь бодын мэдэлтэй болсон хархүү цэргээс ирсэн нөхөртөө бэлэглэх нэгэн сайн залуу морийг аавын буян ,азарга азаргаар адуунаасаа сонгож авах шиг санагдана. Ийнхүү шилсээр хөөрхий нэгэн унтаж байгаа бяцхан унага нь дээр тогтов.
Хээгч гүүний сүү, хээрийн ногоон талыг хорвоо гэж сэтгээд , тэртээ уулын оройн цасыг ирээдүй мэт ойлгон,өвлийн хүйтэн гэгчийг үзээгүй , өлийн ганц даваанд гараагүй тэрхүү нялзрай амьтаны унтаж байгаа дүрс их дэлгүүрийн хамаг гэрлийг өөртөө шингээн товгор малгайнаас ойсон гэрэлт од мэт гялтраад их хайрыг зөгнөж зүүдлэн үүрсэж байна уу? гэлтэй.
Хөөрхөн унагыг худалдан авахаар болж, ногоон довцгийн ботго шиг цовоо цолгин, ааш ялдам худалдагч бүсгүйд хэлбэл, уриалагхан эргэж лангуун дороо нэгийг хайгаад эс олсонд ,үзмэрийн шилэн гүнгэрваанд унтаж байгаа сайхь унаганы үнийн бичгийг авч далд хийх нь явуулын хүнд эцсийн ганц унаагаа харамлахгүй монгол хүний өгөөмөр заншил зүрхэнд зул асааж, миний сэтгэл тэр зулын тос шиг хайлмагтан уядав. Унага хэдийгээр эмийн сангийн шил сав шиг гялалзаж байсан боловч, худалдагч бүсгүй цэвэр самбайгаар нямбайлан арчиж , хайрцгийг нь удтал эрээд олсонгүй. Би “зүгээр, зүгээр” гэж тайвшруулавч , тэр бүсгүй их л буруутай мэт санаа зовниж, “маргааш ирээрэй, би хайрцгийг нь заавал олно” гэж байн байн өгүүлэн, хойноос харсаар үлдэхэд нь хайрцагны төлөө эргэж ирэх нь байтугай, авсан унагаа өөрт нь
бэлэглчихмээр санагдаж билээ.
Прощай
Прощай… Үүнийг би баяртай гэсэн үг хэмээн бодож явсан билээ. Оюутан байхдаа Харьков хотын нэгэн үйлдвэрт дадлага хийж, төмөр зорох суурь машин дээр хэдэн сар ажиллан, энэ хугацаанд өөрийн гэх багаж хэрэгсэл үгүй тул зэрэгцээ ажиллах Света бүсгүйгээс түлхүүр, хусуур, алх зэрэг ойр зуурын багаж хэрэглэдэг байлаа.Түүнээс багаж хэрэглэхэд нэн дуртай, тэр ч байтугай зарим өдөр өөр хүнээс багаж авчихвал гоморхон хагас өдөр дуугарахгүй агаад зорсон зүйлсээ төмөр тэргэнд чирч дайрчих шахан тачигнуулсаар шөнө дундын трамвай шиг өнгөрнө. Маргааш нь очоод багаж гуйвал нөгөө гоморхсоноо огт мартаж орхиод: